Холбоо барих
“Data Analytics Forum 2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Арга хэмжээ
Бүгд
14.10.2025

Монгол болон олон улсын технологийн салбарын эксперт, мэргэжилтнүүдийг цуглуулан жил бүр зохион байгуулагддаг “Data&Analytics Forum 2025”  арга хэмжээг 10-р сарын 9-ны өдөр Novelsoft ХХК амжилттай зохион байгууллаа. “Ignite the Future: Real-Time Data for AI Agents” сэдвийн дор зохион байгуулагдсан энэ жилийн арга хэмжээнд AI Agent-уудыг үр дүнтэй ашиглах, мөн тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бизнес болон технологийн бэлэн байдлыг хэрхэн хангах талаар шинэлэг, онцгой илтгэлүүдийг танилцууллаа. Арга хэмжээнд илтгэл тавьсан 14 илтгэгч технологийн салбарын чиг хандлага, хиймэл оюун ухааныг зөв зохистой, үр бүтээлтэй ашиглах арга замын талаар өөрсдийн туршлага, шийдлээ хуваалцсан юм.

Хиймэл оюун ухааны хөгжил бол зүгээр нэг технологийн хувьсгал биш, харин хүн төрөлхтний сэтгэх, ажиллах, амьдрах хэв маягийг үндсээр нь өөрчилж буй шинэ эрин эхэлж буйг илтгэсэн чухал өдөр болж өнгөрлөө. Арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өргөжсөөр байгаа бөгөөд энэ удаа 250 гаруй мэргэжилтэн, экспертүүд нэг дор цуглан, салбарынхаа шинэ чиг хандлага, туршлагыг хуваалцлаа.

Мөн дэлхийн технологийн тэргүүлэгчид болох Dell Technologies, Cloudera, Opentext, Ataccama, Fanruan Software болон Qlik компанийн төлөөлөл биечлэн оролцож, олон улсын туршлага, шилдэг шийдлүүдээ танилцуулсан юм.

Хиймэл оюуны агент гэдэг нь зүгээр нэг chatbot биш, харин өөрөө сэтгэж, суралцаж, шийдвэр гаргадаг, ажил гүйцэтгэх чадвартай бие даасан AI систем юм. AI системүүд бодит амьдралд хэрэгжихэд өгөгдөл, тооцооллын хүчин чадал хамгийн чухал. 2000-аад онд интернэтийн хөгжилтэй зэрэгцэн их хэмжээний өгөгдөл (Big Data) бий болж, AI-ийн хөгжилд асар том түлхэц өгсөн. AI хүнийг орлох бус, түүнийг дэмжих чиглэл рүү шилжиж байна.

Энэ жилийн арга хэмжээний онцлог нь илтгэлүүдийг хоёр чиглэлд хуваан, тус тусад нь танилцуулсан явдал байлаа. Инженерүүдэд зориулсан илтгэлүүдийг нэг танхимд,бизнесийн чиглэлийн илтгэлүүдийг нөгөө танхимд зохион байгуулсан нь арга хэмжээнд оролцогчдод өөрийн сонирхлын дагуу сонголт хийх боломж олгосон юм.