Цар тахал болоод дэлхий нийтээр тогтоосон хөл хорионы үеэр цахим болон дижитал соёлын олон шийдлүүд бий болж технологийн хурдацтай өөрчлөлтийг бүр ч эрчимжүүлсэн билээ. Яг л энэ цаг мөчүүдэд дижитал соёлыг хамтын ажиллагаа, бүтээлч байдал, нарийн нягт сэтгэлгээтэй уялдуулан түгээж буй Novelsoft компанийн Удирдлагын багийн хамт олныг танилцуулж байна.
Тус компанийн хамт олон Agile Scrum, Event Driven Architect, Data Driven Technology, Microservies зэрэг аргачлалуудыг ашиглан цоо шинээр бий болж, цаг бүхэнд хувьсан өөрчлөгдөж буй технологид үргэлж суралцах, нийтээр хөгжин дэвшихийг зорин ажиллаж буйгаараа онцлог юм.
Байршил: Khan Bank Tower, 22 давхар, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Платформ хөгжүүлэлт, Дата, Al/ML хөгжүүлэлт
Хэрэглэдэг технологи: Office 365, Salesforce
Сошиал хуудсууд: Novelsoft (Facebook), Novelsoft LLC (Website), Novelsoft (Linkedln)
Д.Өнөболд, Програм хөгжүүлэлтийн газрын дарга
О.Ундрах-Оргил, Өгөгдөл хөгжүүлэлтийн газрын дарга
Д.Ө: Анх МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийг "Программ хангамжийн инженер" мэргэжлээр төгссөн. Одоогоор компанидаа хамгийн олон жил ажилласан хүмүүсийн тоонд орж байна. Ажиллах хугацаандаа программ хангамжийн 10 гаруй төслүүд дээр гар бие оролцон ажилласан.
О.У: Би энэтхэгт сургуулиа "Computer Science" мэргэжлээр төгссөн. Анх компанидаа developer -оор орж байлаа. Манай улсад боловсон хүчин цөөн байсан учир программ хөгжүүлэлтийн бүх л ажлыг өөрсдөө гардаж хийдэг байсан тухайн үеийн full stack developer гэхэд болох байх. Харин үүнээсээ салбарлаж явсаар өдгөө "программ" болоод "өгөгдөл" хөгжүүлэлт хэмээх хоёр функцийн нэгийг ахлаад ажлаа гүйцэтгэж явна.
Бид анх компаниа MCS Electronics байх үеэс ажиллаж эхэлсэн. Ер нь манай Novelsoft компанийн түүхийг сөхөөд үзвэл яалт ч үгүй MSC Electronics, ITZone зэрэг компаниудтай холбогдож таарна. Учир нь Novelsoft компани нь MCS Electronics Программ хангамжийн газар байх үеэс эхлэлтэй бөгөөд дараа нь мөн ITZone-ийн Программ хангамжийн хэлтэст хамаарагддаг байв. Харин 2020 онд ITZone компанийн энэхүү хөгжүүлэлтийн хэлтэс Mogul группийн охин компанийн нэг буюу Novelsoft болсон түүхтэй. Тиймдээ ч группийн хамгийн отгон компани нь гэсэн үг. Бид дата баг болон программ хангамжийн газраа нийлүүлснээр Novelsoft-ийг бий болгосон түүхтэй. Одоогоор долоон хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ITZone компани маань өөрөө 25 жилийн түүхтэй бөгөөд анх 1997 онд МCS Electronics нэртэйгээр байгуулагдаад 2013 онд MCS группээс менежментийн хувьчлалаар бие даасан компани болж одоогийн нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон.
Мэдээж аливаа хүн ажилдаа дуртай байх нь илүү их амжилтыг дагуулдаг. Хүн хийж байгаа ажлаасаа ч тодорхой хэмжээнд аз жаргалыг мэдэрч байх ёстой. Хэрвээ та үүнийг мэдрэхгүй байгаа бол хийх дуртай зүйлээ олоогүй байна л гэсэн үг. Ажилдаа дуртай байх нь тухайн ажил дээрээ амжилт үзүүлэх боломжийг хурдасгана. Би анх программистаар ажилд орж байсан ч ажиллах явцдаа бизнес шинжээч, төслийн менежмент тал нь миний сонирхлыг илүү татсан учраас энэ тал руугаа хөрвөсөн. Одоо компанийнхаа удирдлагын багт ажиллаж байна.
Ер нь бол бид нар IT -гийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо бол технологийн хувьд үргэлж л цоо шинэ, хувьсан өөрчлөлттэй нүүр тулж байна. Тиймээс зөвхөн нэг газартаа суух бус ирээдүйд гарч ирэх ажлын шаардлага, технологийн өөрчлөлтөд хурдтай дасан зохицож байж цаашид хөгжих боломжтой. Тиймээс ч карьерын хувьд тодорхой байр суурийг голчлох аргагүй юм.
Манайх цагийн менежментийн хувьд их уян хатан нөхцөлтэй. Зайлшгүй ажлын шаардлага гараагүй нөхцөлд гэрээсээ ажиллаж болдог. Алсын зайнаас ажиллах уг системийг ковид цар тахлын үеэс туршиж үзсэн ба одоогоор хэрэгжүүлээд явж байна. Тиймээс заримдаа ажлын цагийг гэртээ суугаад эхлүүлж болдог гэсэн үг. Гэвч энэ нь төлөвлөгөөгүй, салхилга батгүй, дураараа сэлгүүцэхийн нэр биш. Гол нь ажлаа тогтмол хийдэг, гүйцэтгэл нь эерэг дүнтэй байх хэрэгтэй.
Бид удирдах түвшний ажил хийдэг болохоор хамгийн түрүүнд имэйлээ шалгаж, шаардлагатай бичиг баримтуудад хариу өгнө. Мөн есөн цагаас багуудын хурал эхэлдэг. Төлөвлөсөн ажлын дагуу хурал байнга хийдэг ба багаараа сайтар ярилцсаны үр дүнд шийдвэр гаргах юм л даа. Зарим нь багийн хурлын дараа ажилчидтай уулзаж, тэдгээрт тулгарсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж, менторын үүрэг хүртэл гүйцэтгэдэг.
Б.Хоролсүрэн
Маркетинг UI/UX дизайн хэлтсийн дарга
Ажиллах арга барилын хувьд хоёр төрөлд хуваан үзэж болно. Нэгдүгээрт хувь, нөгөө талаас баг хамт олонтой ажиллах юм. Баг удирдаж ажиллах нь олон төрлийн сэтгэхүй, сэтгэлгээнээс гадна өөр, өөр мөн чанартай хүмүүс байдаг учир тэднийг илүү нягт ойлгож, тулж харилцахыг хичээдэг. Нэг талаас би тэдний найз, хамтрагч нь байж сонсох шаардлагатай болно. Тиймээс ч баг хамт олонтой ажиллах нөү-хауны хувьд гурван төрөлд хуваадаг.
Нэгдүгээрт үргэлж баг. Учир тэд нэгнээ ойлгодог, бусадтай харилцаж, хамтарч чаддаг байх ёстой. Тэд бүгд аливаа нэг ажлыг хамтран хийх гэж нэгдсэн болохоор нэгэн цул болох хэрэгтэй. Тиймдээ ч би багийн хүмүүсээ тухайн нэг төсөл ажил дээр ганцааранг нь тоглуулдаггүй. Үргэлж хоёр юм уу, гурвуулаа аливаа төсөл рүү хамтран орж ажилладаг.
Хоёрдугаарт бүтээлч сэтгэлгээ. Эхний аргын дараа баг бие биенийгээ ойлгодог, сонсож, хамтарч чаддаг болсон байна. Харин энэ үед бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх хэрэгтэй. Бүтээлч сэтгэлгээ бол хамгийн “анхны” яагаад гэдэг асуултад хариулахын тулд сэтгэхийг хэлдэг гэж боддог. Мөн тухайн хүнийг өөрийнх нь сонирхож, хийхийг хүсэж буй ажилд нь томилохыг эрмэлздэг.
Гуравдугаарт фокуслах буюу төвлөрөл. Хүний төвлөрч чадах үе хамгийн ихтэй дөрвөн цаг байдаг. Тиймээс ч цагийн хувьд шахаж шаардалгүйгээр ажилдаа бүтээмжтэй хандах сэтгэлзүйг бий болгох нь нэн чухал. Зөвхөн ажилдаа сайтар төвлөрч чадсан хүний бүтээмж ямагт өндөр байдаг. Ер нь гүн төвлөрч сурсан хүн аливаа асуудал гарахад багийнхантайгаа ярилцаж, шийдвэрт хүрсний дараа дахин төвлөрч чаддаг.
Ийнхүү хоорондоо ойлголцож, нэгдэж чадсан баг нурж унахгүй, ухарч няцахгүйгээс гадна нарийн нягт ажиллагаатай, гүйцэтгэл сайтай болсон байдаг.
Б.Пүрэвмаа
Бизнес хөгжүүлэлт, борлуулалтын хэлстийн дарга
Орчин үеийн дижитал шийдлүүд аливаа хэрэглэгчийн ажлыг хөнгөвчлөх, ачааллыг бууруулах зорилготой байдаг шүү дээ. Тиймдээ ч Salesforce-т миний ажилтай холбоотой, ажлыг хялбарчилдаг бүхий л зүйлс бий. Өдөр тутамд хийх ажлын төлөвлөгөө, уулзалт, имэйлтэй холбоотой бүх мэдээллүүдээ харчихдаг. Мөн хийсэн ажлын маань бүртгэл архивлагдсан байдаг учир долоо хоног бүрийн хурал дээр түүнийгээ харж байгаад л ярьчихдаг юм. Нөгөөтээгүүр улирал болоод жилийн тайлангууд ч апп дээр бүртгэлтэй байдаг болохоор ажлын үр дүнг харахад ч амар байдаг.
Басхүү багийн менежмент талаас нь хэрэглэхэд ч энэхүү апп туйлын хялбар. Жишээ нь манай хэлтэс гэхэд л гурваас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс өөр, өөрсдийн ажилтай холбоотой гүйцэтгэлүүдээ хянаж болохоос гадна real time байдлаар ажиллах боломжийг олгодог. Удирдлагуудын зүгээс ч биднээс өдөр бүр аливаа, тайлан мэдээ нэхдэггүй. Salesforce дээр хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүн хадгалаастай тул өөрсдөө ороод л харчихна шүү дээ. Үүнээс гадна заавал зөөврийн компьютерт суурилдаг систем бус тул гадуур уулзалттай явж байхдаа утсаараа бүхнийг хийж болох давуу талтай. Миний ажлын онцлогт бүрэн тохирдог.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Шийдлээ зөв гаргадаг байх. Тэгж чадвал дараа нь үүсэх хүндрэлүүдийг арилгаж чадна. Ийм ч учраас эхлээд сайтар судалгаа хийх хэрэгтэй. Ер нь судалгаан дээр цаг харамлаж болохгүй. Тэгэхгүй бол цаг хэмнэж байна гэчхээд яаруу хийсэн юм нь эцэстээ бүр ч их цаг зарлуулах ажил болоод хувирах магадлалтай. Ер бидний хувь ажлаа жилээр, улирлаар, сараар, долоо хоног гэх мэтээр төвлөчихдөг. Дараа нь хянаж, үр дүнгээ базаад явчихдаг болохоор төдийлөн цаг алдах явдал гардаггүй.
Мөн хурлыг 15 минутаас хэтрүүлэхгүйг хичээдэг. Тиймдээ ч хурлын эхэнд юун тухай хэлэлцэх талаар агуулгыг нь бичээд явуулчихдаг юм. Ингэснээр хурлын цагийг мөн хэмнэдэг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Б.Эрдэнэтуяа
Бизнес шинжилгээ, төслийн газрын дарга
Манай компани үргэлж багийн менежментээр ажилладаг. Тиймдээ ч төлөвлөгөө бичих шаардлага нэлээдгүй тулгардаг. Гол нь төсөл ажлуудад багийн зохион байгуулалттайгаар ажилладаг учраас нягт болоод уян хатан төлөвлөгөө хийх нь чухал. Үүн дээр манай компани Microsoft, Google зэрэг технологийн компаниудын хэрэглэдэг OKR буюу зорилго тодорхойлох аргачлалыг ашигладаг. Тиймдээ ч ажлын төлөвлөгөөгөө жилээр гаргаж түүнээс салбарлуулан улирал бүрд дахин тусгай төлөвлөлт бэлтгэх болон байгууллагаараа нэг зорилго өмнөө тавьсны дараа тухайн зорилтууддаа баг бүр өөрсдийн зорилгыг тодорхойлсон эцсийн төлөвлөгөөг гаргах зарчмаар ажилладаг.
Миний хувьд "Бизнес шинжилгээ төслийн газар"-ыг ахалж ажиллах үүрэгтэй. Ихэнхдээ программ хангамжийн төслүүд хэрэгжүүлж байгаа учир Agile Scrum арга барилаар багаа удирдаж явдаг. Энэ нь хамгийн чухал гэж үзсэн ажлуудаа эрэмбэлж, түүнийгээ 7-14 хоногийн тогтмол хугацаатай sprint-үүдэд хуваана гэсэн үг. Цаашлаад sprint бүрийн зорилго, ажлын эцэст тодорхой, эерэг үр дүнд хүрэх ёстой гэх мэтээр ажлаа төлөвлөдөг.
Ажлын өдрүүдэд буюу sprint-үүдийн хугацаанд өглөө бүр богино хэмжээний босоо уулзалт хийнэ. Энэ үеэр гишүүн бүр оноогдсон ажлаа хэрхэн гүйцэтгэж байгаагаас өгсүүлээд тулгарч буй хүндрэл, тухайн өдөр хийхээр төлөвлөсөн ажлынх нь үйл явцтай танилцаж ил тод, нээлттэй байдлаар ярилцана.
Ингээд 14 хоногийн эцэст sprint-үүдийн гүйцэтгэлийг дүгнэх болон арга барилыг сайжруулах уулзалтуудыг тогтмол хийдэг дээ.
Д.Өнөболд, Програм хөгжүүлэлтийн газрын дарга
Ш.Цэнд-Аюуш, Архитекторын хэлтсийн дарга
Программ хангамжийн төслүүд дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд олон цагаар суух, илүү их хүчин чармайлт шаардах үеүд цөөнгүй гардаг. Мөн компьютерын ард олон цагаар суудаг учраас "дасгал хөдөлгөөн" хийх нь чухал хэрэгцээтэй. Тиймээс ч сайн унтаж амрахаас гадна дасгал хөдөлгөөн хийх, сонирхолтой зүйлдээ цаг зарцуулж эрч хүчээ сэлбэж, нөхөж авдаг.
Манай Mogul группийн хувьд олон "Сонирхлын клуб" үйл ажиллагаа явуулдаг. Үүнд нь: Hiking, Movie Lovers, Gaming, Yoga зэрэг орно. Ажлын залуучуудын хувьд Hiking клубт идэвхтэй хамрагддаг ба бид хоёр ч мөн тус клубын идэвхтэй гишүүд юм. Мэдээж ууланд гарах нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна дархлаа дэмжих, байгалийн сайханд сэтгэлзүйн хувьд ч амгалан, тайван болох гэх мэт олон давуу талтай. Үүнээс хоёр долоо хоногт заавал нэг удаа зааланд тоглодог.
Үргэлжид суралцаж, өөрийгөө хөгжүүлэх ёстой салбарт ажилладаг учраас үндсэн ажлын хажуугаар дотоод дахь сургалт, хөгжилд анхаарч байх шаардлагатай. Тиймээс дараах сургалтуудыг дотоод соёлын нэг хэсэг болгон хэвшүүлэх тал дээр анхаарч байгаа. Энэ нь хоёр долоо хоногт нэг удаа мэргэжлийн сургалтууд явуулдаг үйл ажиллагаа юм.
Reboot camp - Жилдээ нэг удаа бүх хөгжүүлэгчид, data багийнханд цаашдын ашиглах, нэвтрүүлэх технологиудыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготой ба онол практик хосолсон байдлаар сургалт арга, хэмжээгээ явуулдаг.
Internship - Оюутны цалинтай дадлагажуулах хөтөлбөр. Энэ жилээс эхлэн явуулж байгаа цоо шинэ сургалт. Анхны элсэгчид болох таван хүүхдийг шалгаруулж авсан. Нэг жилийн хугацаанд хоёр удаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
Women in Tech - Мөн л энэ оноос эхлэн компанийн хүрээнд хийж эхэлсэн. Зорилго нь технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм.
Entertainment team - Улирал бүрд өөр, өөр баг томилогдож, тухайн улирлын бүх entertainment арга хэмжээг хариуцаж явна. Төрсөн өдөр, салхинд гарах зэрэг ажлаас гадуур хийгдэх арга хэмжээнүүд гэсэн үг.
Oneteam - Багийн ажиллагааг сайжруулах зорилготой ажлын болон ажлын бус сонирхолтой даалгаврууд дээр ажилчид багуудад хуваагдан оролцож оноо цуглуулан өрсөлддөг.
Mentorship - Манай компанийн ажилтнууд дунд mentorship гэж хөтөлбөр бий. Программ хангамжийн хөгжүүлэгч нартаа ажлын карьер болон мэргэжлийн ур чадвараа ахиулахад нь тусалдаг. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь шинэ залуу ажилтнуудыг чиглүүлж, дадлагажуулах, цаашлаад "ахлах хөгжүүлэгч" болон "программ хангамжийн архитектор" болох сонирхолтой хөгжүүлэгч нарт тусалж, дэмжих юм.
Р.Эрхэмбаяр
Бүтээгдэхүүн инновацийн албаны дарга
Мэдээж технологийн салбарын компани, тэр дундаа программ хөгжүүлдэг компани учир олон онцлогтой. Энэ салбар нь маш хурдацтай хөгжихийн хэрээр тэр чинээгээр хурдтай ажиллахыг шаарддаг. Нөгөөтээгүүр платформ, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаасаа бол бүтээгдэхүүний менежмент нь олон бизнес функцуудын уулзах цэг нь болж өгдөг.
Тиймээс нэг талдаа нийгэмд ямар асуудал байна, хэрэглэгчдэд ямар бэрхшээл тулгарч байна гэдгийг сайтар ажиглаж харах шаардлагатай. Харин нөгөө талаараа технологийн хөгжилтэй уялдаад аль болох хамгийн дэвшилтэт, хамгийн сайн технологиудыг бүтээгдэхүүндээ шингээж бусдад тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьдог.
Гол нь энэхүү салбарт ажиллаж буй залуучуудын өсөж, дэвжих боломж хязгааргүй. Үргэлж л ямар нэг шинэ технологи гарч ирэх, түүнийгээ дагаад хөгжих боломж цаг мөч бүрд тохиож буй. Энэ бол хамгийн сайн тал. Харин дижитал шилжилт маш хурдтай болсон. Тэр ч утгаараа үүнтэй хөл зэрэгцэн алхана гэдэг томоохон сорилт тулгардаг.
Сүүлийн үед Монголын зарим байгууллагууд зайнаас ажиллах үйл явцыг хэрэгжүүлж эхэлсэн. Манайх бол зайнаас ажилладаг анхдагч компаниудын нэг. Цаашлаад ажлын уг арга барилыг хэрхэн сайжруулах вэ гэдэг сорилттой бид тулгарч байна.
Би болон манай баг бол яг одоогоор "Homebook" платформ дээр төвлөрөн ажиллаж байгаа. Энэ платформоор дамжуулан Монголдоо "Үндэсний хэмжээний сошиал сүлжээ" байгуулахаар зорьж байна. Эхний шатанд дөрвөн тодорхой асуудлыг шийдэхээр болсон.
Нэгдүгээрт түүхээс үзвэл хүмүүс хоорондоо холбоо харилцаатай байхын тулд олон технологиудыг бүтээсэн байдаг. Үүний нэгэн адил Монгол инженерүүд өөрсдийн newsfeed систем, chat-ийг хөгжүүлж байгаа.
Хоёрдугаарт би Сууц өмчлөгчдийн холбоог гол агуулга болгож харсан. Учир нь манай оронд 1500 гаруй СӨХ байдгаас 900 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Харин энэ нь дан ганц эерэг сэтгэгдэл, үйл ажиллагаатай бус. Асуудал бий гэсэн үг л дээ. Тиймээс ч СӨХ-тэй холбоотой асуудлыг дижитал орчинд шийдэж чадвал бидний амьдралын чанар, хүрээлэн буй орчинд эергээр нөлөөлөх болов уу гэж харж байна. СӨХ-өөр дамжих асуудлыг шийдэж чадвал ая тухтай амьдрах боломж бүрдэнэ.
Гуравдугаарт зогсоолын асуудлыг шийдэх юм. Аж ахуй нэгж, айл өрхийн зогсоолын аль алинд ухаалаг систем суурилуулснаар тухайн жолооч хаана хэдэн машин байна, орж зогсох боломжтой юу эсэхийг мэдэх боломжтой.
Дөрөвдүгээрт гэвэл улсын хэмжээнд 80,000 гаруй жижиг дунд бизнесүүд үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл тэд өөрсдийгөө бусдад сурталчлан таниулах буюу маркетингдаа их хэмжээний мөнгө зарцуулах боломжгүй. Тиймээс эдгээр бизнесүүд манай платформ дээр онлайн шоп үүсгэж, бүтээгдэхүүнээ хямд зардлаар бусдад таниулж чадах юм.
Нэг ёсондоо бид платформоороо дамжуулан үндэсний хэмжээний технологийн дархлааг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Хойч үеийн залуусаа бэлтгэж, тэднийг харь оронд бус эх орондоо сурч боловсрох талбар, орчин нөхцөлийг бүрдүүлэх нь бидний алсын зорилго билээ.
О.Ундрах-Оргил
Өгөгдөл хөгжүүлэлтийн газрын дарга
Манай компани болоод IT-гийн салбарын онцлог нь технологийн компаниудтай партнер болж ажилладаг. Тиймээс мэргэжил, мэдлэг эзэмших сургалтуудыг явуулахаас гадна энэ нь олон улсын сертификатаар баталгааждаг. Нөгөө талаас олон улсын сертификат авахаас гадна цалинтай сурч байна гэсэн үг. Мэдээж IT бол үргэлж, цаг ямагт суралцаж байх ёстой талбар. Зах зээл нь ч үүнийг шаарддаг. Ийм ч учраас бид мэдлэг, ур чадвартаа үргэлж update хийж байдаг. Суралцахаа зогсоох л юм бол технологийн зах зээлийн гадна талд шахагдаж хоцорно.
Миний хувьд өдөр, шөнө алгасалгүй өөрийгөө хөгжүүлдэг байсан. Гэхдээ гэр бүлтэй болсноос хойш тэдэндээ цаг зарцуулж эхэлснээр сонирхлоороо сурах цаг хомс болсон доо. Тиймээс хүүхдүүдээ унтсаны дараа өөртөө суралцах, хөгжих цаг гаргадаг.
Компанийн ажлын хувьд бол зайлшгүй мэдэх, суралцах ёстой зүйлүүдээ л мэдэж авдаг. Угаас хүн гэдэг чинь юм бүхнийг сурах албагүй шүү дээ. Тэгвэл хогийн савнаас ялгаагүй болчихно. Манайхаас технологийн сургалтуудыг дотооддоо зохион байгуулахын хажуугаар онлайн платформуудаас хэрэгтэй хичээлүүдийг маань нь авч өгдөг. Мөн өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, шинэ технологиуд дээр мэргэжлийн сургалтыг дотооддоо хоёр жилд нэг удаа төсөл ахалж буй хүмүүс нь хийгээд явдаг.
Б.Хоролсүрэн
Маркетинг UI/UX дизайн хэлтсийн дарга
Япон зохиолч Инамори Казүогийн "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номыг санал болгомоор байна. ITZone-ийн групп компанид шинээр ажилд орсон хүн бүр эл номыг уншдаг. Номын гол консэпц нь "бид хэн бэ гэдэг" асуултыг өөртөө тавихад хүргэхээс гадна манай байгууллагын гол цөм, дотоод соёл нь энэ номын үзэл санаатай нийцдэг юм. Гол санаа нь хандлага, урам зориг, гал эрмэлзэлтэй байж чадвал амжилт гэдэг зүйл өөрөө ирдэг гэдгийг ойлгуулна. Хандлага, гал эрмэлзэл хоёр бол үржих тэмдэгтэй зүйл. Хэрэв та аль нэгийг хасах цэнэгтэй болгочихвол доголдол гарах нь мэдээж.
Харин хөгжмийн хувьд сүүлийн үед хуучны аялгуу тансаг, яруу үгстэй дуунуудыг эргэн сонсож байна. "Баянмонгол", "Соёл-Эрдэнэ" зэрэг хамтлагууд юм уу дуучин Б.Бадар-Ууганы бүтээлүүдээс эгшиглүүлж сууна даа. Социализмын үед урлаг, уран сайхантай танилцаж, өмнөх уламжлал нь ирээдүйн модернтой уусан нэгдсэн завсрын үеийн эдгээр бүтээлүүд гайхалтай мэдрэмж төрүүлж, сэтгэлийг хөглөдөг.
Уг номын тухай нийтлэлийн энд дарж уншина уу!
М.Ариунтунгалаг
Дата аналист багийн ахлагч
Би өмнө нь анх удаа баг удирдаж дата боловсруулах цогц шийдэл дээр ажиллаж байсан юм. Цогц шийдэл гэдэг нь датагаа оруулж цуглуулаад түүнийгээ эцсийн хэрэглэгчдэд хүргэх үе шатны нийлбэрийг хэлж буй хэрэг л дээ. Төлөвлөгөөгөө гаргачхаад өглөө есөн цагаас оройн найман цаг хүртэл яс сууж ажилласаар сар гаруй хугацааг өнгөрүүлсэн. Ажилдаа дуртай байсан учир хэдий хугацаа зарцуулснаа өөрөө ч мэдэлгүй явлаа.
Тэгтэл манай Novelsoft компанийн гүйцэтгэх захирал Б.Цээсүрэн ингэж хэлсэн. "Ажил бол ажил. Амьдрал бол амьдрал. Ажилдаа махраад амьдралаа орхигдуулж болохгүй". Нэлээд хэдэн жилийн өмнөх явдал ч захирлын хэлсэн энэ үгс сэтгэлд тод үлджээ.
Би ажилдаа улайрахдаа багийнхнаа хүртэл өөртэйгөө ижилхэн байдалд аваачсан байсан. Тиймээс л бидэнд олгогдсон ажлын найман цагт л сайтар төвлөрч, үр бүтээлтэй ажиллах нь чухал гэдгийг ойлгосон. Бусад үед нь гэр бүл, найз нөхдөдөө алтан цагаа зарцуулах ёстой. Үргэлж шахамдуулаад байвал багийнхан маань хүртэл унаж мэднэ. Ахлах хүн үүнээс сэргийлэх хэрэгтэй. "Ажил бол ажил, амьдрал бол амьдрал". Энэ бол миний авч байсан хамгийн сайн зөвлөгөө.
Б.Пүрэвмаа, Бизнес хөгжүүлэлт, борлуулалтын хэлтсийн дарга
Ш.Цэнд-Аюуш, Архитекторын хэлтсийн дарга
Б.Эрдэнэтуяа, Бизнес шинжилгээ төслийн газрын дарга
Одоогоор дижитал шилжилт гэдэг зүйл ихээхэн түгээмэл болчихсон. Аливаа нэг байгууллага болгон ямар нэг систем, аппыг дотоод үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Гэхдээ бидний ажиглаж байгаагаар уг сонголтыг хийхдээ зөвхөн өнөөдрийн хэрэгцээг харж, хямдхан платформд хөрөнгө оруулах нь элбэг тохиолддог.
Мэдээж бизнес тухайн цэг дээрээ зогсоод байна гэж үгүй. Цаашдаа илүү томорч, өргөжих ёстой. Тиймээс өнөөдөр жижгээр эхэлсэн ч алсдаа дагаад томорч, ирээдүйд үр өгөөжөө өгч чадах систем мөн үү, үгүй юу гэдгийг харж сонголтоо хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Амжилт хүсье.
Эх сурвалж: Novelsoft LLC компанийн Удирдлагын багийн хамт олон | Unread Today